Эмэгтэйчүүд, эх болох гэж байгаа юмуу, хүсч байгаа хүн бүрийн хувьд сайн эмнэлэг, эмч сонгох нь их чухал юм байнаа гэдгийг сүүлийн 1 жилийн хугацаанд илүү мэдэрлээ. Би эхний хүүхдээ гаргаснаас хойш олон жил жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаад 2008 оноос эхлэн эмээ уухаа зогсоож жирэмслэхээр оролдож эхэлсэн юм. Гэтэл болдоггүй ээ.Сүүлд эмчид үзүүлж, энэ тэрийг уншиж мэдэхнээ хамгаалах эм удаан хэрэглэснээр өндгөвчний үйл ажиллагаа сааталд ордог юм билээ. Тэгээд үргүйдэл эмчилдэг эмнэлэг, эмч нарыг хайж эхэлсэн юм. Танилуудаасаа ч билүү интернэтээс ч билүү Амин Маргад гэдэг сайн эмнэлэг байдаг тухай олж сонсоод 2008 оны хавар анх очиж үзүүлсэн. Алтангэрэл гэдэг эрэгтэй эмч, Батжаргал гэдэг эмэгтэй эмч 2 байсан. Хэдэн шинжилгээ өгөөд үрэвсэлтэй байна гээд 10 хоногийн курс эмчилгээ хийлгэсэн. Савны ард шингэнтэй энэ тэр гэсэн. Эмчилгээ хийлгээд үрэвсэл намдлаа, одоо жирэмслэнэ дээ л гэлээ, эмч нар маань. Тэгээд дараа нь буюу зун нь 2-р эмнэлэг дээр Баасанжав эмч дээр очиж үр дамжуулах суваг битүүрэлтэй эсэхийг харуул гэсэн. Энэ шинжилгээ нь харин зүгээр гараад. Эмч нар маань тэгвэл асуудалгүй юм байнаа, жирэмслэнэ л гээд байдаг.
Удалгүй намар болж ажил төрөл эхэлж дахиж эмнэлэгтээ очиж үзүүлж чадсангүй. Цаг явсаар, хүүхэд байдаггүй. 2009 онд нэг очтол Батжаргал эмч "Нөхрийнхөө үрийн шингэнийг үзүүлсэн билүү" гэлээ.Үгүй гэв. Тэгвэл нөхрийгөө аваад ир гэсэн. Алтангэрэл эмч тэрхүү шинжилгээг хийгээд эр бэлгийн эс хөдөлгөөн сайтай зүгээр байна гэв. Тэгээд өндгөн эсийн хяналт гэдэг шинжилгээнд явж эхлэв. Сар болгон боловсордог өндгөн эсийг эход харж байгаад яг боловсрох буюу хагарангуут нь бэлгийн харилцаанд орвол жирэмсэн болдог юм байна. Тэгээд энэ хяналтанд 2 сар явсан. Тэгээд л ажил төрөл гээд дахиж хяналт хийлгэж амжсангүй. Ингэж байтал 2010 он гарав. Ажил ихтэй явсаар 4 сард буюу өнгөрсөн хавар Амин Маргад эмнэлэгтээ очиж эход харуултал дахиад үрэвсэл байна гэлээ. Аанай л үрэвслийн эмчилгээ хийлгэсэн. Ер нь тэр эмчилгээ их сайн юм шиг байна лээ. Гэрлээр шарах, витамин тарих энэ тэр гээд хэдэн янзын курс эмчилгээ байдаг. Эмчилгээний үр дүн сайн байна гэв. Дараа нь 5 сард нөгөөх өндгөн эсийн хяналтанд явсан. Харин 6 сард улирлын шалгалт шүүлэг, дипломын хамгаалалт гэх мэт болоод дахин өндгөн эсийн хяналтанд явж чадсангүй.
Хичээлийн жил дуусч 6 сарын 15-наас амралт эхлэнгүүт маргааш нь Хужирт руу сувилалд явлаа. Гол нь үргүйдэлд шавар эмчилгээ сайн гэсэн тул. Тэгтэл 6 сарын эхээр жирэмсэн болсон байжээ. Ингээд хүүхдээ тээсээр одоо 7 сар болох гэж байнаа. Ингээд бодоод байхад Амин Маргад эмнэлгийн эмчилгээнүүд их үр дүнтэй байлаа, бас тэр өндгөн эсийн шинжилгээ нь хэдийд жирэмсэн болох боломжтойг яг хэлж өгдөг. Бас Алтангэрэл эмч хүнд дандаа урам өгч, тайвшруулах сайхан үг хэлдэг. "Жирэмсэн болноо" л гээд байдаг. Тэр үгэнд нь тайвширч аваад л гардаг байлаа.
Бас Хужиртаас ирээд тестээр жирэмсэн болсноо мэдээд баахан шавар, рашаанд орсон хүүхэд маань яах бол гэж их айдастай утсаар ярихад "харин ч сайн ншт, цусны эргэлт энэ тэр сайжраад" гэж Алтангэрэл эмч тайвшруулж байсан юм. Дараа нь буюу 8 сард би Турк руу 14 хоног явах болоод явахаасаа өмнө очиж үзүүлтэл баахан эм, лаа бичиж өглөө. Би дотроо төдий л ойшоож үзээгүй юм, зүв зүгээр байхад эд нарыг уух хэрэг байна уу гэж. Тэгээд бас онгоцонд явахдаа ингэ тэг, лаа хий энэ тэр гээд зөвлөгөө өгсөн. Анхны хүү дээрээ би бас л 3 сар гарантай байхад Орос руу онгоцоор явж байсан, зүв зүгээр л байсан даа гэсэн ухааны юм бодоод л өнгөрсөн. Гэхдээ Туркт ямар ч байсан уу гэсэн эм, лааг нь зааврын дагуу хэрэглээд байлаа.Гэтэл одоо бодоод байхад Алтангэрэл эмч их алсыг харж, дутуу төрөх эрсдэлээс намайг хамгаалахын тулд тэр эмнүүдийг бичиж өгч байсан ажээ. Магни В6-г тогтмол уу гэсэн нь жирэмсэн эмэгтэйн хувьд эм биш витамин болдог бөгөөд дутуу төрөхөөс хамгаалдаг сайн бэлдмэл юм билээ.Тэгээд бас гадаадад олон хоногоор явж байгаа тул савны агшилт өгөх буюу дутуу төрөхөөр базлахаас хамгаалахын тулд Ношпа болон Папаверин гэдэг лаа 2-г авч яв гэсэн юм билээ. Ялангуяа онгоцонд явахад орчны даралт өөрчлөгддөг, агаар хуурайсдаг тул зулбах аюултай юм байна, тийм учраас онгоцоор нисэхийн өмнө лаа хийгээд байгаарай гэсэн байна. Би өмнөх бичлэгтээ Туркт юу болсон талаар бичсэн, хэрэв би Магни Б 6 ууж байгаагүй бол тэр явдлаас болж дутуу төрөх байсан байх. Яг зөв эмээ ууж байсандаа, тэгээд түүнийг бичиж золгүй явдлаас хамгаалсан эмчдээ их баярлаж байнаа. Тэгээд бас Туркт болсон тэр явдлын үеэр Алтангэрэл эмч рүү утасдаж асуухад яг л хэрэгтэй эм, дэглэмийг зааж өгсөн. Тэр нь Турк эмч нарынхтай яг таарч байв. Ингээд сайн эмчийн буянаар үр хүүхэд маань өсөн томорсоор одоо 29 долоо хоног болох нь.Урмын үг, үнэтэй зөвлөгөө өгдөг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй Алтангэрэл эмч болон Амин Маргад эмнэлгийн хамт олондоо чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
No comments:
Post a Comment