Хорвоо ертөнцийн гайхамшиг болсон бяцхан хүүхэд тээж буй бүх л бүсгүйчүүддээ зориулав

Бурхны гайхамшигт бэлэг

Friday, November 19, 2010

Жирмээхэй адал явдал буюу Туркт өнгөрөөсөн түгшүүртэй өдрүүд

Жирэмсэн болсны дараах нэгэн томоохон түгшүүр буюу адал явдал энэ зуны сүүлчээр Туркт болсон билээ. Би 8 сард Туркийн нэгэн их сургуульд 14 хоногийн хугацаатай зуны сургалтанд суусан билээ. Уг сургалт маань Газрын дундад тэнгисийн нэгэн хэсэг буюу Эгейн тэнгисийн эрэг дэх амралтын газар болсон юм. Тэр үед дунджаар 37-39 хэм буюу ид халууны үе байсан тул бид хичээлийн завсар чөлөөгөөр ямагт тэнгист сэлж, эрэг дээр биеэ шаран амарч байсан билээ. Би хэдийгээр 3 сартай жирэмсэн байсан боловч гэдэс ер томроогүй, хордлого энэ тэр байхгүй, жирэмсэн биш юм шиг л сайхан хөнгөн, огт ядрахгүй, цаг агаар, орчин их тохирч сайхан байлаа. Сургалт дуусахаас нэг өдрийн өмнө үдээс хойш тэнгист хөвж байтал гэнэт шилбэ рүү нэг амьтан айхавтар хатгаад авлаа. (Уг нь биднийг анх очиход “медуз” гэдэг далайн амьтан хааяа хүн рүү халддаг, гэхдээ амрагчдын сэлэх хэсгээр тор тавьж хамгаалсан гэж хэлж байсан боловч үнэндээ тэр амьтанд хазуулна гэж бодоогүй тул огт анхаараагүй юм.) Дорхноо уснаас гарч эрэг дээр суун өвчин нь намдах байх гэж хүлээв. Гэтэл намдах байтугай дээшээгээ өвдөж улам нэмэгдэж эхэллээ. Тэгсний дараа л өнөөх медуз нь байна гэж ойлгож эмнэлгийн цэг дээр очиж үзүүлэв. Би бага сартай жирэмсэн байсан тул хүүхдэд маань ямар нэг муу юм болох вий гэж ихэд айж байлаа. Харин туркүүд бүгд л медуз байна гээд халуун усаар яг хазсан хэсэг рүү шүршээд бай, тэгвэл удахгүй зүгээр болно гэж зөвлөв. Тэрхүү медуз нь хазах ч биш биеэрээ шүргээд л өнгөрсөн байгаа юм. Хамаг бие нь тогтой, гэх үү өргөстэй гэхүү хүнийг хатгадаг тул тогонд цохиулсан аятай болдог юм байна. Өрөөндөө очоод халуун ус баахан гоожуулсны дараа үнэхээр өвчин нь гайгүй болсон. Улмаар маргааш нь бүр зүгээр болсон, гагцхүү шүргэсэн газраар маажуулсан юм шиг улаан сорви үлдсэн байлаа. Ийнхүү медузны довтолгоон гайгүй өнгөрлөө гэж бодсон.

Маргааш нь бидний үдэлтийн үдэшлэг болж би бүжгэнд орохдоо өсгийтэй сандаал өмссөн байсныг хамт явсан нэг эгч маань хараад “Жирэмсэн хүн, тэр дундаа бага сартай жирэмсэн байхад хамаагүй өсгийтэй юм өмсөхөд муу даа” гэсэн боловч би тэр үед огт анхаарч үзээгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. Тэнгис дэх усан онгоцонд болсон үдэшлэгийн үеэр би бага зэрэг бүжиглэсэн, жирэмсэн учраас хамаагүй хөдлөхгүйг хичээж байсан юм, уг нь.

Маргааш нь бидний буцах өдөр байлаа. Оройдоо нисэх тул өглөөгүүр тэнгисийн ойролцоох газраар явж зургаа авахуулав. Гэтэл тэгж явахад бие жаахан эвгүйрхээд байлаа. Тэгээд өрөөндөө буцаж ирсний дараа бие застал доошоо бага зэрэг өнгөтэй, цусархаг зүйл гарсан байлаа. Хамт явсан эгч болон хүмүүсээс асуухад жирэмсэн байхад ийм зүйл гарах ёсгүй, ноцтой зүйл байна гэ, ноцтой зүйл байна гэнгүүт л нэг юм сандарч хэрэг бишдэснийг ойлгов. Тэгээд бас хэдхэн цагийн дараа 3 нислэг дамжин Монгол руу нисэх гэж байдаг. Хамгийн түрүүн нөхөр рүүгээ ярьж Алтангэрэл эмчээс энэ талаар асууж яах хэрэгтэйг лавлаач гэлээ. Тэр үед Монголын цагаар бараг 23 цаг өнгөрч байсан боловч азаар Алтангэрэл эмчтэй холбогдож нөхөр маань яг хэрэгтэй зөвлөгөөг авч чадсан байлаа. “Өнгөтэй зүйл гарна гэдэг муу, онгоцоор явж болохгүй, Прожестерон гэдэг эм уугаад хөлөө өндөрлөөд хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй” гэж эмч маань зөвлөсөн байв. Үүнийг сонсоод хөтөлбөрийн зохицуулагчдаа учир байдлаа хэллээ. (Би уг нь жирэмсэн гэдгээ хэлээгүй, хүмүүс мэдээгүй байсан юм) Тэд маань мөн ихэд сандарч намайг аваад ойролцоох Дидим хэмээх жижиг хот руу эмчид үзүүлэхээр явцгаав. Дидим бол манайхаар сумын төв гэмээр жижиг хот боловч эмнэлэг нь орчин үеийн юм билээ. Яаралтай тусламжийн төвийн эмч нь намайг хүлээж аваад тасаг руу оруулж эмэгтэйчүүдийн эмчдээ үзүүлэв. Тэр эмч дотуур үзлэг хийж үзээд “Одоогоор идэвхтэй цус алдалт алга, гэхдээ онгоцоор нисч болохгүй гээд Алтангэрэл эмчийн зөвлөсөн Прожестерон эмийг уугаад тайван хэвт” гэлээ.

Ингээд бид буцаж ирээд би орондоо хэвтэж, хөтөлбөрийн зохицуулагч нар маань миний нислэгийг хойшлуулж, Туркт ганцаараа үлдэхээр болов.Хөтөлбөрийн нэгэн зохицуулагч Корлан хэмээх Казакстан охин намайг харж үлдэхээр болж бусад бүх улсууд маань тэр оройдоо нутаг нутгийн зүг буцлаа. Маргааш нь Корлан бид хоёр дахин эмнэлэг орж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эход харуулав. Эмч мөн л хэд хоногтоо нисэх боломжгүй хэвт гэлээ. Ингээд тэр өдөртөө бид хоёр Измир хэмээх том хотод машинаар хүрч ирлээ. Измир том хот бөгөөд эмнэлэг сайтай, дээрээс нь миний нислэг Измир-Истанбул-Бээжин-Улаанбаатар гэсэн маршруттай байсан тул энд ирэх нь зөв гэж манай хөтөлбөрийнхөн үзсэн юм. Тэр өдөртөө Корлан маань нутаг буцаж би Измирийн нэгэн зочид буудалд ганцаархнаа үлдэв. Нислэг маань 7 хоногийн дараа. Хөтөлбөрийнхөн маань надад их санаа тавьж аялалын товчооны нэгэн турк охинд намайг захиж үлдээсэн бөгөөд Дашак хэмээх тэр охин Измирийн хамгийн том хувийн эмнэлэг болох София эмнэлгийн яг хажууд байх нэгэн аятайхан буудлыг надад захиалсан байлаа.

Ингээд бүтэн 7 хоногийн турш ганцаараа, хэвтрийн байдалтай хэд хоногийг өнгөрөөсөн билээ. Бас айдастай, энэ хэд хоногт хүүхэд маань зүгээр болов уу, буцах замын тэрхүү урт нислэгүүдийг яанаа хэмээн өчнөөн түгшүүр шаналал байлаа. Гэвч тэрхүү 7 хоног Бурхны хайр ивээлээр дүүрэн өнгөрсөн. Хоол идэх үедээ л буудлаас гарч, ихэнхдээ өрөөндөө хоолоо захиалан, ус уун хэвтэж байсан. Ганцаараа тул Бурхантай л ярьж, магтан дуу дуулж, залбирч, Бурхны үгийг уншиж зарим үед уйлан тэрхүү өдрүүд өнгөрсөн. Бурхан тэр удаа бас л хүүг маань хамгаалан үлдээж хэвтэж эхэлсэн 2 дахь өдөртөө л доошоо өнгөтэй юм гарах нь зогссон юм. Зүв зүгээр байснаа доошоо юм гарах болсон нь медузын дайралтаас ч болж цочролд ороод умай агшсан байж магадгүй, эсвэл өсгийтэй сандаал өмсч бүжиглэснээс ч болсон байж болох юм. Ямар ч байсан дутуу төрөх магадлалтай зүйлтэй учирсан нь тэр байв. Ийнхүү хэд хоногийг өнгөрөөгөөд явахын урьд өдөр София эмнэлэгт үзүүлэв. Тэр эмнэлэг яах аргагүй мундаг орчин үеийнх бөгөөд эмч нар нь бүгд англиар ярьдаг өндөр чадвартай юм билээ. Тэнд авахуулсан эхоны зураг дээр хүү маань их хөөрхөн тод гарсан, хацар, хамар, нүд, дух гээд хамаг юм нь их тод харагдаж байлаа. Эмч нар намайг үзээд ямар нэг асуудал алга, бүх юм ок байна, гэхдээ нисэх өдрөө Прожестерон эмийнхээ дозыг нэмэгдүүлж 6 ширхэг уухыг зөвлөсөн.

Ингээд 9 сарын 3-нд Туркээс Монгол руу нисэх удаан цагийн аялалдаа гарч нэг хоногийн дараа гэртээ эрүүл саруул, үр хүүхдээ гэдсэндээ хийсээр ирсэн билээ. Турк, Монгол сайн эмч нар, сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар, Бурхны хамгаалалтын дор хүү бид хоёр дутуу төрөх тэрхүү хүнд өдрүүдийг даван туулж чадсан.

Хүүхдийн өрөөний дизайн http://ntsoom.blog.gogo.mn блогоос татаж авлаа








The Kelly Family - Amazing Grace (paddy crying)

Жирмээхэй болсон анхны адал явдал буюу Бурхны илгээсэн бэлэг

Миний энэ удаагийн жирэмслэлт маань эхнээсээ л нэг талаар гайхамшигтай, нөгөө талаар адал явдалтай байлаа. 2 жилийн турш жирэмслэх гэж оролдоод Амин Маргад эмнэлэгтээ үзүүлж эмчлүүлж явсаар хамгийн сүүлд 2010 оны 4 сард өндгөн эсийн хяналт буюу үр тогтох өдрүүдээ эход харуулсан юм. Энэ хугацаанд Алтангэрэл болон Батжаргал хэмээх хоёр эмч маань “Жирэмслэнэ дээ л гээд” байдаг. Батжаргал эмч “Чамтай хамт үргүйдлийн эмчилгээ хийлгэж эхэлсэн хүүхнүүд бүгд жирэмсэлсэн. Чи л үлдлээ” гээд байдаг. Би ч сүүлдээ зохиомлоор үр суулгах талаар бодож, энэ талын мэдээлэл уншиж эхэлсэн. 5,6 сард их сургуулиуд их ачаалалтай, шалгалт шүүлэг, диплом хамгаалалт, төгсөлт гээд л бөөн ажил байдаг болохоор энэ хоёр сард эмнэлэгтээ очиж хяналт хийлгэж амжаагүй юм.

Тэгээд 6 сарын 15-нд амралт эхлэнгүүт Хужиртад сувилуулахаар явлаа. Миний танилууд болон бусад хүмүүс Хужиртын рашаан, шавар үргүйдэлд сайн гэж ярьдаг юм. Хужирт руу удаа дараа явж энэ эмчилгээ хийлгэж байгаа танилууд ч нэлээн байлаа. Тэгээд Хужиртын потёвка буюу урилга хайтал дорхноо олдов. Мөн Элма-Хужирт хэмээх хувийн сувиллын урилгыг ч олж аваад 6 сарын 16-нд Хужиртад ирлээ. Хужиртад олон амрагчтай, тэгээд бас танилгүй бол гайгүй өрөө олддоггүйг өмнө нь амарч байхдаа мэдсэн тул хувийн Элма-д нь амрахаар болов.

Улмаар рашаан, шаварт орж эхлээд хоёр, гурав хонож байтал манай нэг танил бүсгүй маань (тэрбээр хэд хоногийн өмнө Хужиртад үргүйдлийн эмчилгээ хийлгээд буцсан юм) ярьж “Хужиртад нь амарсан бол яг үргүйдлийн эмчилгээ хийдэг, үтрээнд шавартай эмчилгээ тавьдаг” энэ тэр гээд л ярилаа. Харин миний байгаа Элмад болохоор ердийн шавар л байдаг аж. Үүнийг сонсоод би Хужирт руу шилжиж амрах гэсэн боловч бүтсэнгүй, би өөрөө ч учиргүй хүчилсэнгүй. Уг нь яах аргагүй миний хүсэн зорьсон эмчилгээ байлаа, даанч би мэдэлгүй Элмад нь орчихож. Элмад болохоор ердийн шавар эмчилгээ буюу биеийн гадна талаас л шавар тавьж байлаа. Гэвч надад нэгэн битүүхэн найдвар, тайвшрал байгаад байв: Бурхан ямар ч байсан нэг юм бодож байгаа хэмээх.
Өдөр бүр шавар тавиулахаас гадна рашаанд орох эмчилгээ бичиж өгсөн. Тэгээд хоёр удаа рашаанд ороод (нэг удаад нь өрөөний найзын хамт нэлээд зайдуу байх бас нэг хувийн сувилалд очиж орсон юм) толгой эргээд, даралт багасаад сайн таардаггүй. Тэгэхээр нь рашаанд орохоо болиод зөвхөн шавар тавиулж, биеийн тамирын дасгал хийсээр байгаад 10 хоноод буцлаа.

Гэртээ ирээд хэд хонож биений юм ирэх хугацаа нь болсон атал ирээгүй хэдий ч жирэмсэн болсон байж магадгүй гэж ерөөс тааварласангүй. Гэтэл 7,8 хоног өнгөрсний дараа гэнэт тестер авч үзмээр санагдаад их л догдлон сандарч шалгатал хоёр зураас гарч байнаа. Итгэхийн аргагүй баярласан хүн чинь интернэт рүү орж жирэмсний тестерийн талаар баахан юм уншиж, хэр магадалтайг нь эхлээд олж тодруулахыг оролдов. Тэгэнгүүтээ Алтангэрэл эмч рүүгээ ярьлаа. “Биений юм ирээгүй 7 хоноод үзсэн чинь хоёр зураас гарлаа” гэхэд “Өө жирэмсэн болсон байна шт” гэв. “Яанаа би мэдэлгүй Хужиртад амраад шавар тавиулаад ирсэн” гэлээ. Жирэмсэн хүнд шавар рашаан болдоггүй, дутуу гардаг гэж хүн болгон ярьдаг тул их айж байлаа. Харин эмч маань “Харин сайн штээ. Цусны эргэлт энэ тэр сайжраад” гэв. Эмчийн энэ үгийг сонсоод сэтгэл санаа ямар гоё болсон гээч. Тэгээд шууд нөхөр рүүгээ залгаж жирэмсэн болсноо хэллээ. Манай хүн ч аймаар баярлаж байна.

Ингээд их удаан хүсэн хүлээсэн хоёр дахь хүү маань ирсэн билээ. Хүү маань Бурхнаас илгээсэн бэлэг, урт хугацааны залбирлын биелэл байлаа. Олон ч удаа Библи уншиж, хэрхэн үр хүүхэдгүй эмэгтэйчүүд залбирлын үр дүнд хүүхэдтэй болж байгаа түүхийг мэдсэн. Эргэн тойрны олон итгэгч хүмүүсийн гэр бүл, танилуудад маань үр хүүхдүүдийг Бурхан илгээж байгааг харж итгэл алдралгүй хүлээсээр байсан юм.Бурхан хүүг маань хамгаалсаар иржээ. Дөнгөж жирэмсэлсэн даруйдаа мэдэлгүйгээр рашаанд орж, шавар тавиулсан нь хэрэв Бурхан байгаагүй бол зулбах аюултай байдалд хүргэснийг сүүлд л мэдсэн.Танилуудын яриагаар жирэмсэн болсноо мэдээгүй байж байгаад Хужиртад шавар, рашаанд ороод дутуу төрсөн хүмүүс нэлээд байдаг гэсэн. Би Хужиртад рашаанд хоёр удаа ороход толгой эргээд, зүрх дэлсээд даралт багасаад нэг л болж өгөхгүй байсныг хожим мэдэхнээ жирэмсэн байсан учраас тэр байжээ. Харин Бурхан хүүг маань өгөхөөр нэгэнт шийдсэн тул тэр бүх осолтой нөхцөлд хамгаалан үлдээсэн ажээ.

Thursday, November 18, 2010

Жирмээхэй адал явдал буюу дутуу төрөхийн айдас

Арваад хоногийн өмнө орой унтахын алдад гэнэт доошоо бага зэрэг цус гараад түгшүүр зарлав. Уг нь тэр өдөр гадаа их гоё дулаахан байсан, би ажилгүй амарч байсан тул гадуур нэлээд явж жирэмсний 20 мянга энэ тэрээ хөөцөлдөж олон газраар орсон билээ. Ийнхүү явж байхдаа ойр ойрхон шээс хүрч, “давсаг шархирна” гэдэг болсон. Би цистит юм болов уу гэж бодоод яваад байсан юм. Харин эмнэлэгт хэвтсэн хойно мэдэхнээ сав, умайн таагүй байдал, дутуу төрөх базлалтын үед ийм шинж өгдөг юм байнаа. Харин бид ийнхүү шээс ойрхон хүрэхийг тоодоггүй явсаар байгаад аюулд учирдаг аж.
Гэнэт цус гараад сандарч хяналтын эмчээсээ яах талаар асуутал “Түргэн дуудаад хэвтсэн нь дээр” гэлээ. Тэгээд их л сандарч 103 дуудтал ашгүй хурдан ирдэг юм байна. Залуухан эмч доошоо цус гарсан учир шууд хэвтэх бичиг өгнө гээд харьяаллын дагуу 1-р амаржих газарт хэвтэх бичиг өглөө. Би ихэд хүсэн хүлээж арайхийж олдсон хүүхдээ алдах нь гэж их сандарч байсан тул эмчийг ирж үзэх үед хамаг бие салганан чичирч байлаа. Урьд нь тэгж аймаар чичирч байсангүй. Тэгээд нөхөртэйгээ эмнэлэг явах замдаа тайвширч очсон. Шөнийн 12 цаг болж байсан тул хүлээн авахад ороод нэлээн сууж байж сая эмч сувилагч нь гарч ирсэн. Тэгээд ор байхгүй, яадаг юм билээ гэж ярилцаж байснаа ямар ч байсан хэвтэх шаардлагатай юм байна гээд авахаар боллоо.
Гэнэт яарч гарсан болохоор ор хөнжлийн даавуу, халад, тавчикаа л авч амжсан байлаа. Тэгээд паталоги буюу Эхийн 2-р тасгийн нэгэн палатанд ороод хэвтлээ. Тэнд нэгэн том гэдэстэй охин байсан. Энэ удаа тус тасгийн хамгийн сайн сувилагч (хэд хоног хэвтэх зуур би болоод манай палатныхан тус тасгийн 3 сувилагчаас хамгийн хариуцлагатай, түргэн шуурхай гэж үнэлсэн Баттуяа эгч) ээлжинд гарч таарсан тул намайг хэвтэнгүүт Магнезмтай дусал залгасан. Ер нь дутуу төрөх аюултай хүмүүст хийдэг гол эмчилгээ бол Магнезмтай дусал юм билээ. Тэгээд шөнөдөө дуслаа хийлгүүлээд унтахаар хэвтсэн боловч ам цангаад (гэрээсээ цай унд авчирч амжаагүй) мөн хажуу өрөөнүүдийн бяцхан зулзаганууд уйлаад сайн унтаж чадаагүй.
Өглөө палатныхаа охинтой танилцав. Тэрбээр төрөх хугацаа нь болсон бөгөөд хүүхэд нь буруу байрлалтай, хөл түрүүлсэн тул кесаверо буюу манайхны ярьдгаар хийсвэр хагалгаа хийлгэх гэж байгаа аж. Тэр өдөртөө хийсвэр хагалгаандаа орж хөөрхөн том 4100 гр хүүтэй болсон. Харин хийсвэр хийлгэсэн өдрийн оройдоо мань хүн хагалгаа нь өвдөж хүнтэй ярих сөхөөгүй байсан бөгөөд маргааш нөгөөдрөөс нь өвчин нь намдаж гайгүй болсон байлаа.
Миний хувьд маргааш өглөө эхо-д харуулж оношоо тогтоолгов. Ерөнхийдөө хүүхэд зүгээр, бүх эрхтэн бүрэн, зүрхний цохилт хэвийн, эхэс жаахан доогуур байгаа тул цус гарсан байх гэж оношилсон. Тэгээд хэд хоног Магнезмтай дусал хийлгэж, Гинипрал гэдэг эм ууж хэвтрийн дэглэм барихаар боллоо. Магнезмтай дусал нь умайн булчингийн агшилтыг намдааж, дутуу төрөхөөс хамгаалдаг юм билээ. Харин нэг гэм нь энэ дусал даралтыг мөн багасгадаг. Манай палатанд бас нэг бүсгүй нэмэгдэж хэвтсэн. Мөн л дутуу төрөх аюултай гэсэн оноштойгоор. Надаас ялгаатай нь айхавтар базалж өвдөж иржээ, харин доошоо ямар нэг юм гараагүй аж. Тэр 21-22 долоо хоногтой буюу надаас нэг долоо хоногийн бага жирэмсэн. Бид хоёрт яг адил эмчилгээ хийж байсан. Тэр ч надтай адил хэд хоногийн турш шээс нь дэндүү ойрхон хүрч, шээхдээ давсаг руу нь өвдөж байсан байна.
Би анхны хүүхэд дээрээ дутуу төрөх, тонус өгөх гэх мэт ямар ч асуудалгүй гүйсээр байгаад төрсөн болохоор жирэмсний энэ бүх асуудлаар ямар ч ойлголтгүй, бараг л анх удаа жирэмсэлж байгаа хүн шиг юм мэдэхгүй байлаа. Тэгээд энэ талаар нэлээд туршлагатай, дутуу төрж байснаас гадна 2 хүүхэд төрүүлсэн нэгэн найзаасаа баахан зөвлөгөө авлаа. Тэрбээр жирэмсэн болохоороо л дутуу төрөх гээд байдаг хуучтай тул Хатагтай эмнэлэгт ямагт хэвтэж хүүхдээ төрүүлдэг. Түүний ярьснаар бол дээрх дуслаас гадна гол эмчилгээ бол ээж өөрөө сэтгэл санаа тайван, аливаад санаа зовохгүй байх хамгийн чухал гэсэн шүү.
Эмнэлэгт байх хугацаанд манай палатанд дахин нэгэн ээж нэмэгдсэн нь төрөх хугацаа нь болчихсон боловч гарах дургүй маматай хүн байлаа. Хугацаа нь өнгөрөөд 8 хоносон тул намайг гарах өдрөөс эхлэн “сэдээлт” өгч эхэлсэн. Зүү тавьдаг юм билээ. Тэгээд гарахгүй бол умайн базлалт өгөх тариа хийнэ гэж эмч нар хэлж байв. Одоо тэр маань хэдийнэ төрж хүүхдээ хөхүүлж байгаа даа.
Эхийн 2-р тасаг буюу паталоги нь ямар нэгэн “асуудалтай” жирэмсэн эхчүүдийн тасаг юм билээ. Хугацаа хэтэрсэн, нэг бол хийсвэр хийлгэх, эсвэл дутуу төрөх гээд байгаа гэх мэт. Намайг байх хугацаанд хэд хэдэн харамсалтай зүйл тохиолдсон. Надтай ижил цус гарч очсон гээд нэг охин (жаахан хүүхэд байна лээ, бараг л 18, 19-тэй) эход харуулах гэж хүлээж байхдаа ус нь гарч эхлээд… Жаахан хүүхэд болохоороо ч тэр юмуу уйлахгүй байна лээ. Тэр охиноос яасан талаар асуухад над шиг л шээс нь ойр ойрхон хүрээд байснаа гэнэт цус гараад ирсэн байнаа. Бас нэг бүсгүй мөн л дөнгөж хэвтээд дусал залгуулж байхдаа хүүхэд нь дутуу төрж, хөөрхий амьтан уйлж харамсан сүйд болсон. Манай өрөөний гурав түүнийг сонсоод өмнөөс нь хэчнээн санаа зовж зовлонг нь өөрсөд дээрээ тусгаж хүлээж авсан. Хэцүү юм билээ, хөөрхий амьтан, “би олон жил хүүхэд хүлээсэн” гээд л уйлаад…
Бас нэг охин намайг гарах өдөр манай палатанд хэвтсэн. Зайлуул бас хүүхэд нь өсөлтгүй байна гээд цэвэрлэгээ хийлгэнэ гээд, сэтгэлээр унасан. Бид тайвшруулж үг хэлж, дараа нь эмчилгээ сайн хийлгээд хүүхэдтэй болно гэж аргадаж байлаа. Манай нэг найз олон жилийн дараа нэг юм жирэмсэлсэн чинь бас өсөлтгүй гээд авахуулсан. Гэвч бараг жилийн дараа жирэмслээд үзүүлтэл ихэр хүүхэд байна гэсэн. Тэгээд ихэр охидтой болоод удаагүй, тэднийгээ 1 нас жаахан өнгөрч байхад дахин жирэмсэлж баньдтай болоод аз жаргалтай байгаа. Энэ тухай би түүнд ярьж өгөөд өөрийн үзүүлж, үргүйдлээ эмчлүүлсэн Амин Маргад эмнэлгээ зааж өгсөн.
Эмнэлэгт байх хугацаанд хийсвэр хийлгэсэн эхчүүдэд нэлээд хэцүү зүйл тохиолддогийг мэдэж авлаа. Хагалгааны дараа оёдол, шарх нь өвдөнө, бас сүү орохгүй нэлээд хэд хононо энэ тэр гээд. Болбол өөрөөрөө  төрөх л жам ёсны зүйл учраас хэн хэндээ ээлтэй юм байнаа. Даанч элдэв хүндрэл, хүүхэд буруу байрлалтай зэргээс болоод хийлгэхээс өөр аргагүй болдог. Харин өөрөө төрсөн эхчүүд огт өөр юм байнаа. Хэчнээн оёотой төрсөн ч гэсэн хүүхэд төрөө л бол хамаг өвчин шаналал арилдаг. Би анхны хүү дээрээ дотор гаднаа олон оёотой төрсөн. Хүү маань 4100 буюу том гарсан юм. Гэхдээ сайн эх баригч бол ямар ч том хүүхдийг оёогүй төрүүлдэг гэсэн шүү. Намайг эмнэлэгт байхад 4700 кг том сумо хүү гарсан. Ер нь монголчууд сүүлийн үед том хүүхэд гаргадаг болсон юм шиг байна. 2000 онд буюу манай хүүг төрж байхад 4 кг гарантай хүүхэд их цөөн байсан бол сая амаржих газарт том хүүхдүүд байнга л төрж байхыг харав. Эмнэлэгт хэд хоноод дахиж цус гараагүй тул хэд хоног хэвтрийн дэглэм сахь, хүнд ажил хийх, ядрах стресст орж болохгүй гэсэн зөвлөгөө аваад гарлаа.

Айдас бүхий энэ хэдэн өдөр Бурхан намайг болон хөөрхөн хүүг маань хамгаалж байлаа. Яг над шиг бага зэрэг цус гараад ирсэн охин дутуу төрөөд хүүхдээ алдаж байгааг хараад их түгшиж байсан боловч энэ удаа Бурхан бас л хүүхдийг маань хамгаалан үлдээсэн.

Энэ хэд хоног гэнэтийн түгшүүр тохиолдож эмнэлэгт хэвтэхдээ их олон зүйлийг мэдэж авснаа та нарт заавал хуваалцах хэрэгтэй гэж бодлоо. Жирэмсэн байх үед гарч болох жижиг ч гэсэн асуудлыг анзаарч гам барьж байхгүй бол болдоггүй юм байна шүү. Тиймээс би жирэмсний үед зайлшгүй анзаарах ёстой эмгэг, шинж тэмдгийн талаар тусгай материал тавихаар шийдсэн бөгөөд түүн дээр та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

Жирэмслэлт

Эмэгтэй хүний амьдралын хамгийн нандин бөгөөд аз жаргалтай үе нь жирэмсэн байх цаг юмаа. Өөрийн хэвлийд бүхэл бүтэн амьдрал тээж, гайхамшигтай бяцхан хүнийг өсгөж бойжуулна гэдэг үнэхээр Бурхны том бэлэг юм. Миний хувьд 10 жилийн өмнө хүү төрүүлсэн. Өдгөө том сайхан хөвгүүн болсон. Харин түүнээс хойш эрдэм номын мөр хөөж явсаар сая л нэг юм хоёр дахь хүүгээ төрүүлэх гэж байна. 2008 оноос эхлэн жирэмслэх гэж оролдсон боловч хүүхэд олохгүй л байлаа. Амин Маргад эмнэлэгт анх 2008 оны 3 сард хоёрдогч үргүйдэл гэсэн оноштойгоор эмчлүүлж эхэлсэн. Тэгээд одоогоос 5 сарын өмнө жирэмсэн болоод аз жаргалаар дүүрэн байнаа. Би энэ блогтоо жирэмсэн бүсгүйчүүддээ зориулан өөрийн болон бусдын туршлага, интернэтийн өгүүлэл материалаас тавих болно.