Хорвоо ертөнцийн гайхамшиг болсон бяцхан хүүхэд тээж буй бүх л бүсгүйчүүддээ зориулав

Бурхны гайхамшигт бэлэг

Friday, November 19, 2010

Жирмээхэй болсон анхны адал явдал буюу Бурхны илгээсэн бэлэг

Миний энэ удаагийн жирэмслэлт маань эхнээсээ л нэг талаар гайхамшигтай, нөгөө талаар адал явдалтай байлаа. 2 жилийн турш жирэмслэх гэж оролдоод Амин Маргад эмнэлэгтээ үзүүлж эмчлүүлж явсаар хамгийн сүүлд 2010 оны 4 сард өндгөн эсийн хяналт буюу үр тогтох өдрүүдээ эход харуулсан юм. Энэ хугацаанд Алтангэрэл болон Батжаргал хэмээх хоёр эмч маань “Жирэмслэнэ дээ л гээд” байдаг. Батжаргал эмч “Чамтай хамт үргүйдлийн эмчилгээ хийлгэж эхэлсэн хүүхнүүд бүгд жирэмсэлсэн. Чи л үлдлээ” гээд байдаг. Би ч сүүлдээ зохиомлоор үр суулгах талаар бодож, энэ талын мэдээлэл уншиж эхэлсэн. 5,6 сард их сургуулиуд их ачаалалтай, шалгалт шүүлэг, диплом хамгаалалт, төгсөлт гээд л бөөн ажил байдаг болохоор энэ хоёр сард эмнэлэгтээ очиж хяналт хийлгэж амжаагүй юм.

Тэгээд 6 сарын 15-нд амралт эхлэнгүүт Хужиртад сувилуулахаар явлаа. Миний танилууд болон бусад хүмүүс Хужиртын рашаан, шавар үргүйдэлд сайн гэж ярьдаг юм. Хужирт руу удаа дараа явж энэ эмчилгээ хийлгэж байгаа танилууд ч нэлээн байлаа. Тэгээд Хужиртын потёвка буюу урилга хайтал дорхноо олдов. Мөн Элма-Хужирт хэмээх хувийн сувиллын урилгыг ч олж аваад 6 сарын 16-нд Хужиртад ирлээ. Хужиртад олон амрагчтай, тэгээд бас танилгүй бол гайгүй өрөө олддоггүйг өмнө нь амарч байхдаа мэдсэн тул хувийн Элма-д нь амрахаар болов.

Улмаар рашаан, шаварт орж эхлээд хоёр, гурав хонож байтал манай нэг танил бүсгүй маань (тэрбээр хэд хоногийн өмнө Хужиртад үргүйдлийн эмчилгээ хийлгээд буцсан юм) ярьж “Хужиртад нь амарсан бол яг үргүйдлийн эмчилгээ хийдэг, үтрээнд шавартай эмчилгээ тавьдаг” энэ тэр гээд л ярилаа. Харин миний байгаа Элмад болохоор ердийн шавар л байдаг аж. Үүнийг сонсоод би Хужирт руу шилжиж амрах гэсэн боловч бүтсэнгүй, би өөрөө ч учиргүй хүчилсэнгүй. Уг нь яах аргагүй миний хүсэн зорьсон эмчилгээ байлаа, даанч би мэдэлгүй Элмад нь орчихож. Элмад болохоор ердийн шавар эмчилгээ буюу биеийн гадна талаас л шавар тавьж байлаа. Гэвч надад нэгэн битүүхэн найдвар, тайвшрал байгаад байв: Бурхан ямар ч байсан нэг юм бодож байгаа хэмээх.
Өдөр бүр шавар тавиулахаас гадна рашаанд орох эмчилгээ бичиж өгсөн. Тэгээд хоёр удаа рашаанд ороод (нэг удаад нь өрөөний найзын хамт нэлээд зайдуу байх бас нэг хувийн сувилалд очиж орсон юм) толгой эргээд, даралт багасаад сайн таардаггүй. Тэгэхээр нь рашаанд орохоо болиод зөвхөн шавар тавиулж, биеийн тамирын дасгал хийсээр байгаад 10 хоноод буцлаа.

Гэртээ ирээд хэд хонож биений юм ирэх хугацаа нь болсон атал ирээгүй хэдий ч жирэмсэн болсон байж магадгүй гэж ерөөс тааварласангүй. Гэтэл 7,8 хоног өнгөрсний дараа гэнэт тестер авч үзмээр санагдаад их л догдлон сандарч шалгатал хоёр зураас гарч байнаа. Итгэхийн аргагүй баярласан хүн чинь интернэт рүү орж жирэмсний тестерийн талаар баахан юм уншиж, хэр магадалтайг нь эхлээд олж тодруулахыг оролдов. Тэгэнгүүтээ Алтангэрэл эмч рүүгээ ярьлаа. “Биений юм ирээгүй 7 хоноод үзсэн чинь хоёр зураас гарлаа” гэхэд “Өө жирэмсэн болсон байна шт” гэв. “Яанаа би мэдэлгүй Хужиртад амраад шавар тавиулаад ирсэн” гэлээ. Жирэмсэн хүнд шавар рашаан болдоггүй, дутуу гардаг гэж хүн болгон ярьдаг тул их айж байлаа. Харин эмч маань “Харин сайн штээ. Цусны эргэлт энэ тэр сайжраад” гэв. Эмчийн энэ үгийг сонсоод сэтгэл санаа ямар гоё болсон гээч. Тэгээд шууд нөхөр рүүгээ залгаж жирэмсэн болсноо хэллээ. Манай хүн ч аймаар баярлаж байна.

Ингээд их удаан хүсэн хүлээсэн хоёр дахь хүү маань ирсэн билээ. Хүү маань Бурхнаас илгээсэн бэлэг, урт хугацааны залбирлын биелэл байлаа. Олон ч удаа Библи уншиж, хэрхэн үр хүүхэдгүй эмэгтэйчүүд залбирлын үр дүнд хүүхэдтэй болж байгаа түүхийг мэдсэн. Эргэн тойрны олон итгэгч хүмүүсийн гэр бүл, танилуудад маань үр хүүхдүүдийг Бурхан илгээж байгааг харж итгэл алдралгүй хүлээсээр байсан юм.Бурхан хүүг маань хамгаалсаар иржээ. Дөнгөж жирэмсэлсэн даруйдаа мэдэлгүйгээр рашаанд орж, шавар тавиулсан нь хэрэв Бурхан байгаагүй бол зулбах аюултай байдалд хүргэснийг сүүлд л мэдсэн.Танилуудын яриагаар жирэмсэн болсноо мэдээгүй байж байгаад Хужиртад шавар, рашаанд ороод дутуу төрсөн хүмүүс нэлээд байдаг гэсэн. Би Хужиртад рашаанд хоёр удаа ороход толгой эргээд, зүрх дэлсээд даралт багасаад нэг л болж өгөхгүй байсныг хожим мэдэхнээ жирэмсэн байсан учраас тэр байжээ. Харин Бурхан хүүг маань өгөхөөр нэгэнт шийдсэн тул тэр бүх осолтой нөхцөлд хамгаалан үлдээсэн ажээ.

No comments:

Post a Comment