Арваад хоногийн өмнө орой унтахын алдад гэнэт доошоо бага зэрэг цус гараад түгшүүр зарлав. Уг нь тэр өдөр гадаа их гоё дулаахан байсан, би ажилгүй амарч байсан тул гадуур нэлээд явж жирэмсний 20 мянга энэ тэрээ хөөцөлдөж олон газраар орсон билээ. Ийнхүү явж байхдаа ойр ойрхон шээс хүрч, “давсаг шархирна” гэдэг болсон. Би цистит юм болов уу гэж бодоод яваад байсан юм. Харин эмнэлэгт хэвтсэн хойно мэдэхнээ сав, умайн таагүй байдал, дутуу төрөх базлалтын үед ийм шинж өгдөг юм байнаа. Харин бид ийнхүү шээс ойрхон хүрэхийг тоодоггүй явсаар байгаад аюулд учирдаг аж.
Гэнэт цус гараад сандарч хяналтын эмчээсээ яах талаар асуутал “Түргэн дуудаад хэвтсэн нь дээр” гэлээ. Тэгээд их л сандарч 103 дуудтал ашгүй хурдан ирдэг юм байна. Залуухан эмч доошоо цус гарсан учир шууд хэвтэх бичиг өгнө гээд харьяаллын дагуу 1-р амаржих газарт хэвтэх бичиг өглөө. Би ихэд хүсэн хүлээж арайхийж олдсон хүүхдээ алдах нь гэж их сандарч байсан тул эмчийг ирж үзэх үед хамаг бие салганан чичирч байлаа. Урьд нь тэгж аймаар чичирч байсангүй. Тэгээд нөхөртэйгээ эмнэлэг явах замдаа тайвширч очсон. Шөнийн 12 цаг болж байсан тул хүлээн авахад ороод нэлээн сууж байж сая эмч сувилагч нь гарч ирсэн. Тэгээд ор байхгүй, яадаг юм билээ гэж ярилцаж байснаа ямар ч байсан хэвтэх шаардлагатай юм байна гээд авахаар боллоо.
Гэнэт яарч гарсан болохоор ор хөнжлийн даавуу, халад, тавчикаа л авч амжсан байлаа. Тэгээд паталоги буюу Эхийн 2-р тасгийн нэгэн палатанд ороод хэвтлээ. Тэнд нэгэн том гэдэстэй охин байсан. Энэ удаа тус тасгийн хамгийн сайн сувилагч (хэд хоног хэвтэх зуур би болоод манай палатныхан тус тасгийн 3 сувилагчаас хамгийн хариуцлагатай, түргэн шуурхай гэж үнэлсэн Баттуяа эгч) ээлжинд гарч таарсан тул намайг хэвтэнгүүт Магнезмтай дусал залгасан. Ер нь дутуу төрөх аюултай хүмүүст хийдэг гол эмчилгээ бол Магнезмтай дусал юм билээ. Тэгээд шөнөдөө дуслаа хийлгүүлээд унтахаар хэвтсэн боловч ам цангаад (гэрээсээ цай унд авчирч амжаагүй) мөн хажуу өрөөнүүдийн бяцхан зулзаганууд уйлаад сайн унтаж чадаагүй.
Өглөө палатныхаа охинтой танилцав. Тэрбээр төрөх хугацаа нь болсон бөгөөд хүүхэд нь буруу байрлалтай, хөл түрүүлсэн тул кесаверо буюу манайхны ярьдгаар хийсвэр хагалгаа хийлгэх гэж байгаа аж. Тэр өдөртөө хийсвэр хагалгаандаа орж хөөрхөн том 4100 гр хүүтэй болсон. Харин хийсвэр хийлгэсэн өдрийн оройдоо мань хүн хагалгаа нь өвдөж хүнтэй ярих сөхөөгүй байсан бөгөөд маргааш нөгөөдрөөс нь өвчин нь намдаж гайгүй болсон байлаа.
Миний хувьд маргааш өглөө эхо-д харуулж оношоо тогтоолгов. Ерөнхийдөө хүүхэд зүгээр, бүх эрхтэн бүрэн, зүрхний цохилт хэвийн, эхэс жаахан доогуур байгаа тул цус гарсан байх гэж оношилсон. Тэгээд хэд хоног Магнезмтай дусал хийлгэж, Гинипрал гэдэг эм ууж хэвтрийн дэглэм барихаар боллоо. Магнезмтай дусал нь умайн булчингийн агшилтыг намдааж, дутуу төрөхөөс хамгаалдаг юм билээ. Харин нэг гэм нь энэ дусал даралтыг мөн багасгадаг. Манай палатанд бас нэг бүсгүй нэмэгдэж хэвтсэн. Мөн л дутуу төрөх аюултай гэсэн оноштойгоор. Надаас ялгаатай нь айхавтар базалж өвдөж иржээ, харин доошоо ямар нэг юм гараагүй аж. Тэр 21-22 долоо хоногтой буюу надаас нэг долоо хоногийн бага жирэмсэн. Бид хоёрт яг адил эмчилгээ хийж байсан. Тэр ч надтай адил хэд хоногийн турш шээс нь дэндүү ойрхон хүрч, шээхдээ давсаг руу нь өвдөж байсан байна.
Би анхны хүүхэд дээрээ дутуу төрөх, тонус өгөх гэх мэт ямар ч асуудалгүй гүйсээр байгаад төрсөн болохоор жирэмсний энэ бүх асуудлаар ямар ч ойлголтгүй, бараг л анх удаа жирэмсэлж байгаа хүн шиг юм мэдэхгүй байлаа. Тэгээд энэ талаар нэлээд туршлагатай, дутуу төрж байснаас гадна 2 хүүхэд төрүүлсэн нэгэн найзаасаа баахан зөвлөгөө авлаа. Тэрбээр жирэмсэн болохоороо л дутуу төрөх гээд байдаг хуучтай тул Хатагтай эмнэлэгт ямагт хэвтэж хүүхдээ төрүүлдэг. Түүний ярьснаар бол дээрх дуслаас гадна гол эмчилгээ бол ээж өөрөө сэтгэл санаа тайван, аливаад санаа зовохгүй байх хамгийн чухал гэсэн шүү.
Эмнэлэгт байх хугацаанд манай палатанд дахин нэгэн ээж нэмэгдсэн нь төрөх хугацаа нь болчихсон боловч гарах дургүй маматай хүн байлаа. Хугацаа нь өнгөрөөд 8 хоносон тул намайг гарах өдрөөс эхлэн “сэдээлт” өгч эхэлсэн. Зүү тавьдаг юм билээ. Тэгээд гарахгүй бол умайн базлалт өгөх тариа хийнэ гэж эмч нар хэлж байв. Одоо тэр маань хэдийнэ төрж хүүхдээ хөхүүлж байгаа даа.
Эхийн 2-р тасаг буюу паталоги нь ямар нэгэн “асуудалтай” жирэмсэн эхчүүдийн тасаг юм билээ. Хугацаа хэтэрсэн, нэг бол хийсвэр хийлгэх, эсвэл дутуу төрөх гээд байгаа гэх мэт. Намайг байх хугацаанд хэд хэдэн харамсалтай зүйл тохиолдсон. Надтай ижил цус гарч очсон гээд нэг охин (жаахан хүүхэд байна лээ, бараг л 18, 19-тэй) эход харуулах гэж хүлээж байхдаа ус нь гарч эхлээд… Жаахан хүүхэд болохоороо ч тэр юмуу уйлахгүй байна лээ. Тэр охиноос яасан талаар асуухад над шиг л шээс нь ойр ойрхон хүрээд байснаа гэнэт цус гараад ирсэн байнаа. Бас нэг бүсгүй мөн л дөнгөж хэвтээд дусал залгуулж байхдаа хүүхэд нь дутуу төрж, хөөрхий амьтан уйлж харамсан сүйд болсон. Манай өрөөний гурав түүнийг сонсоод өмнөөс нь хэчнээн санаа зовж зовлонг нь өөрсөд дээрээ тусгаж хүлээж авсан. Хэцүү юм билээ, хөөрхий амьтан, “би олон жил хүүхэд хүлээсэн” гээд л уйлаад…
Бас нэг охин намайг гарах өдөр манай палатанд хэвтсэн. Зайлуул бас хүүхэд нь өсөлтгүй байна гээд цэвэрлэгээ хийлгэнэ гээд, сэтгэлээр унасан. Бид тайвшруулж үг хэлж, дараа нь эмчилгээ сайн хийлгээд хүүхэдтэй болно гэж аргадаж байлаа. Манай нэг найз олон жилийн дараа нэг юм жирэмсэлсэн чинь бас өсөлтгүй гээд авахуулсан. Гэвч бараг жилийн дараа жирэмслээд үзүүлтэл ихэр хүүхэд байна гэсэн. Тэгээд ихэр охидтой болоод удаагүй, тэднийгээ 1 нас жаахан өнгөрч байхад дахин жирэмсэлж баньдтай болоод аз жаргалтай байгаа. Энэ тухай би түүнд ярьж өгөөд өөрийн үзүүлж, үргүйдлээ эмчлүүлсэн Амин Маргад эмнэлгээ зааж өгсөн.
Эмнэлэгт байх хугацаанд хийсвэр хийлгэсэн эхчүүдэд нэлээд хэцүү зүйл тохиолддогийг мэдэж авлаа. Хагалгааны дараа оёдол, шарх нь өвдөнө, бас сүү орохгүй нэлээд хэд хононо энэ тэр гээд. Болбол өөрөөрөө төрөх л жам ёсны зүйл учраас хэн хэндээ ээлтэй юм байнаа. Даанч элдэв хүндрэл, хүүхэд буруу байрлалтай зэргээс болоод хийлгэхээс өөр аргагүй болдог. Харин өөрөө төрсөн эхчүүд огт өөр юм байнаа. Хэчнээн оёотой төрсөн ч гэсэн хүүхэд төрөө л бол хамаг өвчин шаналал арилдаг. Би анхны хүү дээрээ дотор гаднаа олон оёотой төрсөн. Хүү маань 4100 буюу том гарсан юм. Гэхдээ сайн эх баригч бол ямар ч том хүүхдийг оёогүй төрүүлдэг гэсэн шүү. Намайг эмнэлэгт байхад 4700 кг том сумо хүү гарсан. Ер нь монголчууд сүүлийн үед том хүүхэд гаргадаг болсон юм шиг байна. 2000 онд буюу манай хүүг төрж байхад 4 кг гарантай хүүхэд их цөөн байсан бол сая амаржих газарт том хүүхдүүд байнга л төрж байхыг харав. Эмнэлэгт хэд хоноод дахиж цус гараагүй тул хэд хоног хэвтрийн дэглэм сахь, хүнд ажил хийх, ядрах стресст орж болохгүй гэсэн зөвлөгөө аваад гарлаа.
Айдас бүхий энэ хэдэн өдөр Бурхан намайг болон хөөрхөн хүүг маань хамгаалж байлаа. Яг над шиг бага зэрэг цус гараад ирсэн охин дутуу төрөөд хүүхдээ алдаж байгааг хараад их түгшиж байсан боловч энэ удаа Бурхан бас л хүүхдийг маань хамгаалан үлдээсэн.
Энэ хэд хоног гэнэтийн түгшүүр тохиолдож эмнэлэгт хэвтэхдээ их олон зүйлийг мэдэж авснаа та нарт заавал хуваалцах хэрэгтэй гэж бодлоо. Жирэмсэн байх үед гарч болох жижиг ч гэсэн асуудлыг анзаарч гам барьж байхгүй бол болдоггүй юм байна шүү. Тиймээс би жирэмсний үед зайлшгүй анзаарах ёстой эмгэг, шинж тэмдгийн талаар тусгай материал тавихаар шийдсэн бөгөөд түүн дээр та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгье.
No comments:
Post a Comment