Жирэмсэн болсны дараах нэгэн томоохон түгшүүр буюу адал явдал энэ зуны сүүлчээр Туркт болсон билээ. Би 8 сард Туркийн нэгэн их сургуульд 14 хоногийн хугацаатай зуны сургалтанд суусан билээ. Уг сургалт маань Газрын дундад тэнгисийн нэгэн хэсэг буюу Эгейн тэнгисийн эрэг дэх амралтын газар болсон юм. Тэр үед дунджаар 37-39 хэм буюу ид халууны үе байсан тул бид хичээлийн завсар чөлөөгөөр ямагт тэнгист сэлж, эрэг дээр биеэ шаран амарч байсан билээ. Би хэдийгээр 3 сартай жирэмсэн байсан боловч гэдэс ер томроогүй, хордлого энэ тэр байхгүй, жирэмсэн биш юм шиг л сайхан хөнгөн, огт ядрахгүй, цаг агаар, орчин их тохирч сайхан байлаа. Сургалт дуусахаас нэг өдрийн өмнө үдээс хойш тэнгист хөвж байтал гэнэт шилбэ рүү нэг амьтан айхавтар хатгаад авлаа. (Уг нь биднийг анх очиход “медуз” гэдэг далайн амьтан хааяа хүн рүү халддаг, гэхдээ амрагчдын сэлэх хэсгээр тор тавьж хамгаалсан гэж хэлж байсан боловч үнэндээ тэр амьтанд хазуулна гэж бодоогүй тул огт анхаараагүй юм.) Дорхноо уснаас гарч эрэг дээр суун өвчин нь намдах байх гэж хүлээв. Гэтэл намдах байтугай дээшээгээ өвдөж улам нэмэгдэж эхэллээ. Тэгсний дараа л өнөөх медуз нь байна гэж ойлгож эмнэлгийн цэг дээр очиж үзүүлэв. Би бага сартай жирэмсэн байсан тул хүүхдэд маань ямар нэг муу юм болох вий гэж ихэд айж байлаа. Харин туркүүд бүгд л медуз байна гээд халуун усаар яг хазсан хэсэг рүү шүршээд бай, тэгвэл удахгүй зүгээр болно гэж зөвлөв. Тэрхүү медуз нь хазах ч биш биеэрээ шүргээд л өнгөрсөн байгаа юм. Хамаг бие нь тогтой, гэх үү өргөстэй гэхүү хүнийг хатгадаг тул тогонд цохиулсан аятай болдог юм байна. Өрөөндөө очоод халуун ус баахан гоожуулсны дараа үнэхээр өвчин нь гайгүй болсон. Улмаар маргааш нь бүр зүгээр болсон, гагцхүү шүргэсэн газраар маажуулсан юм шиг улаан сорви үлдсэн байлаа. Ийнхүү медузны довтолгоон гайгүй өнгөрлөө гэж бодсон.
Маргааш нь бидний үдэлтийн үдэшлэг болж би бүжгэнд орохдоо өсгийтэй сандаал өмссөн байсныг хамт явсан нэг эгч маань хараад “Жирэмсэн хүн, тэр дундаа бага сартай жирэмсэн байхад хамаагүй өсгийтэй юм өмсөхөд муу даа” гэсэн боловч би тэр үед огт анхаарч үзээгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. Тэнгис дэх усан онгоцонд болсон үдэшлэгийн үеэр би бага зэрэг бүжиглэсэн, жирэмсэн учраас хамаагүй хөдлөхгүйг хичээж байсан юм, уг нь.
Маргааш нь бидний буцах өдөр байлаа. Оройдоо нисэх тул өглөөгүүр тэнгисийн ойролцоох газраар явж зургаа авахуулав. Гэтэл тэгж явахад бие жаахан эвгүйрхээд байлаа. Тэгээд өрөөндөө буцаж ирсний дараа бие застал доошоо бага зэрэг өнгөтэй, цусархаг зүйл гарсан байлаа. Хамт явсан эгч болон хүмүүсээс асуухад жирэмсэн байхад ийм зүйл гарах ёсгүй, ноцтой зүйл байна гэ, ноцтой зүйл байна гэнгүүт л нэг юм сандарч хэрэг бишдэснийг ойлгов. Тэгээд бас хэдхэн цагийн дараа 3 нислэг дамжин Монгол руу нисэх гэж байдаг. Хамгийн түрүүн нөхөр рүүгээ ярьж Алтангэрэл эмчээс энэ талаар асууж яах хэрэгтэйг лавлаач гэлээ. Тэр үед Монголын цагаар бараг 23 цаг өнгөрч байсан боловч азаар Алтангэрэл эмчтэй холбогдож нөхөр маань яг хэрэгтэй зөвлөгөөг авч чадсан байлаа. “Өнгөтэй зүйл гарна гэдэг муу, онгоцоор явж болохгүй, Прожестерон гэдэг эм уугаад хөлөө өндөрлөөд хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй” гэж эмч маань зөвлөсөн байв. Үүнийг сонсоод хөтөлбөрийн зохицуулагчдаа учир байдлаа хэллээ. (Би уг нь жирэмсэн гэдгээ хэлээгүй, хүмүүс мэдээгүй байсан юм) Тэд маань мөн ихэд сандарч намайг аваад ойролцоох Дидим хэмээх жижиг хот руу эмчид үзүүлэхээр явцгаав. Дидим бол манайхаар сумын төв гэмээр жижиг хот боловч эмнэлэг нь орчин үеийн юм билээ. Яаралтай тусламжийн төвийн эмч нь намайг хүлээж аваад тасаг руу оруулж эмэгтэйчүүдийн эмчдээ үзүүлэв. Тэр эмч дотуур үзлэг хийж үзээд “Одоогоор идэвхтэй цус алдалт алга, гэхдээ онгоцоор нисч болохгүй гээд Алтангэрэл эмчийн зөвлөсөн Прожестерон эмийг уугаад тайван хэвт” гэлээ.
Ингээд бид буцаж ирээд би орондоо хэвтэж, хөтөлбөрийн зохицуулагч нар маань миний нислэгийг хойшлуулж, Туркт ганцаараа үлдэхээр болов.Хөтөлбөрийн нэгэн зохицуулагч Корлан хэмээх Казакстан охин намайг харж үлдэхээр болж бусад бүх улсууд маань тэр оройдоо нутаг нутгийн зүг буцлаа. Маргааш нь Корлан бид хоёр дахин эмнэлэг орж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эход харуулав. Эмч мөн л хэд хоногтоо нисэх боломжгүй хэвт гэлээ. Ингээд тэр өдөртөө бид хоёр Измир хэмээх том хотод машинаар хүрч ирлээ. Измир том хот бөгөөд эмнэлэг сайтай, дээрээс нь миний нислэг Измир-Истанбул-Бээжин-Улаанбаатар гэсэн маршруттай байсан тул энд ирэх нь зөв гэж манай хөтөлбөрийнхөн үзсэн юм. Тэр өдөртөө Корлан маань нутаг буцаж би Измирийн нэгэн зочид буудалд ганцаархнаа үлдэв. Нислэг маань 7 хоногийн дараа. Хөтөлбөрийнхөн маань надад их санаа тавьж аялалын товчооны нэгэн турк охинд намайг захиж үлдээсэн бөгөөд Дашак хэмээх тэр охин Измирийн хамгийн том хувийн эмнэлэг болох София эмнэлгийн яг хажууд байх нэгэн аятайхан буудлыг надад захиалсан байлаа.
Ингээд бүтэн 7 хоногийн турш ганцаараа, хэвтрийн байдалтай хэд хоногийг өнгөрөөсөн билээ. Бас айдастай, энэ хэд хоногт хүүхэд маань зүгээр болов уу, буцах замын тэрхүү урт нислэгүүдийг яанаа хэмээн өчнөөн түгшүүр шаналал байлаа. Гэвч тэрхүү 7 хоног Бурхны хайр ивээлээр дүүрэн өнгөрсөн. Хоол идэх үедээ л буудлаас гарч, ихэнхдээ өрөөндөө хоолоо захиалан, ус уун хэвтэж байсан. Ганцаараа тул Бурхантай л ярьж, магтан дуу дуулж, залбирч, Бурхны үгийг уншиж зарим үед уйлан тэрхүү өдрүүд өнгөрсөн. Бурхан тэр удаа бас л хүүг маань хамгаалан үлдээж хэвтэж эхэлсэн 2 дахь өдөртөө л доошоо өнгөтэй юм гарах нь зогссон юм. Зүв зүгээр байснаа доошоо юм гарах болсон нь медузын дайралтаас ч болж цочролд ороод умай агшсан байж магадгүй, эсвэл өсгийтэй сандаал өмсч бүжиглэснээс ч болсон байж болох юм. Ямар ч байсан дутуу төрөх магадлалтай зүйлтэй учирсан нь тэр байв. Ийнхүү хэд хоногийг өнгөрөөгөөд явахын урьд өдөр София эмнэлэгт үзүүлэв. Тэр эмнэлэг яах аргагүй мундаг орчин үеийнх бөгөөд эмч нар нь бүгд англиар ярьдаг өндөр чадвартай юм билээ. Тэнд авахуулсан эхоны зураг дээр хүү маань их хөөрхөн тод гарсан, хацар, хамар, нүд, дух гээд хамаг юм нь их тод харагдаж байлаа. Эмч нар намайг үзээд ямар нэг асуудал алга, бүх юм ок байна, гэхдээ нисэх өдрөө Прожестерон эмийнхээ дозыг нэмэгдүүлж 6 ширхэг уухыг зөвлөсөн.
Ингээд 9 сарын 3-нд Туркээс Монгол руу нисэх удаан цагийн аялалдаа гарч нэг хоногийн дараа гэртээ эрүүл саруул, үр хүүхдээ гэдсэндээ хийсээр ирсэн билээ. Турк, Монгол сайн эмч нар, сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар, Бурхны хамгаалалтын дор хүү бид хоёр дутуу төрөх тэрхүү хүнд өдрүүдийг даван туулж чадсан.
No comments:
Post a Comment